Сэм сэмхэн алслан одох нимгэн цагаан сэмжин үүл хөх тэнгэрийг угалз мэт чимэглэж, тэр чигтээ байгаль эхийн гараар бүтсэн үл давтагдах нэгэн уран зураг мэт харавч ханашгүй. Түрүүхэн халуу шаттал төөнөж байсан хурц нарны шаргал туяаны сүүлч нэг л мэдэхэд уулын цаагуур далдран, бүрэнхий нөмрөхөд тагтан дээрээ тамхи татаж зогссон эр уртаар санаа алдаад гэртээ орлоо.
Ханыг нь цэнхэр, ногоон, улбар өнгөөр хичээнгүйлэн чимэглэсэн, эцэг эхийн сэтгэл шингэсэн тохилог хөөрхөн хүүхдийн өрөөний хувцасны шүүгээний өмнө залуувтар эмэгтэй сөхрөн суугаад хажуудаа тавьсан чемоданд гунигтайхан хувцас эвхэн хийнэ. Тоглоом шиг өхөөрдөм жаахан хантааз, өмд цамц сэлтийг эвтэйхэн эвхэж байснаа гэнэт нүүрэндээ наагаад доошоо тонгойн чимээгүй болчихлоо. Мөр нь ялигүй чичрэн, бүгт мэгших чимээ гарахыг үзвэл тэр уйлж байгаа нь илт.
Нар нь шингэсэн тэнгэр шиг баргар царайлсан нөхөр нь эхнэрээ тайтгаруулах гэж эв хавгүйхэн үсийг нь илэн, "За миний хөгшин битгий уйл даа. Одоо яая гэхэв" гэх мөртлөө өөрийнх нь хоолой зангирангаа алдана. Гэтэл гэрийн хонх шувуу жиргэх мэт намуухан дуугарахад, эхнэр нь нулимсаа яаран арчиж, үүд рүүгээ яарлаа.
"Ээж ээ, эмээ надад ийм гоё үүдэн дүүдэн авч өгсөн" гэж хар үстэй, цовоо хар нүдтэй тав орчим насны жаалхүү ээждээ онгирон гайхуулна. Сүүлийн хэд хоногт томчууд нэг л өөр байхыг анзааралгүй, хүн бүхэн өөрт нь урьд урьдаас илүү сайн хандах болсныг үл мэдэн ганцаараа хөөрцөглөхийг нь харах бүр эцэг эхийнх нь зүрх зүсэгдэх шиг.
* - Өө тийм үү, ёстой гоё машин байна. Миний хүү өлсөө юу? Ээж нь хүүгийнхээ дуртай баншийг хийсэн. Миний хүү гараа угаагаарай.
Маргааш өглөө урьд нь хараагүй танихгүй хүмүүс дагаад төрсөн гэрээсээ үүрд явах гэж буйгаа ч мэдэхгүй, дуртай хоолоо амтархан идэх хүүгээ эцэг эх нь царайдаа инээмсэглэлтэй ч , сэтгэлдээ нулимстай харан сууцгаана. Хүү нь бумбагар хацраа улайлган өнөөдөр болсон бүхнийг аав ээждээ ярих гэж шулганана.
Хүү нь энэ гэрийнхээ нар нь билээ. Өдөржин ажиллаж ядарч ирээд гэртээ ороход тосон гүйж ирээд, "Алив үнсье" гэж эгээ л том хүн шиг хэвлүүн өгүүлэн хацраа өгдөг. Ертөнцийн анхилуун гэгээн бүхэн шингэсэн хацрыг нь үнэрлэн, илч төөнөсөн жаахан биеийг нь тэврэн өргөхөд хорвоогийн хамаг дулаан биед нь шингэх шиг таатай, өөр юутай ч зүйрлүүлэмгүй жаргалтай. Аав ээжийнхээ амин эрдэнэ, алаг хорвоод санаж сарвайх ганц үр нь тэдний жаргашгүй нар билээ.
Тэр шөнө аав ээж хоёр унтсангүй. Аминаасаа хайртай эрдэнээ өглөө өгөөд явуулчихна гэхээр цурам ч хийж чадсангүй. Хий дэмий л хоёр талд санаа алдан хөрвөөж, сэтгэлдээ бугших бүхнээ хэлж төвдөхгүй шаналцгаана. Нэг л мэдэхэд үүрийн туяа өрөөг нь гийгүүлж, бүү ирээсэй гэж түгшин хүлээсэн тэр цаг ойртжээ.
Хаалганы хонх түгшүүртэй жингэнэж, залуухан эр эм хоёр зовонгуйран инээмсэглэсээр орж ирцгээв. Цай уун хэсэг суугаад, залуу нь "За ингээд хөдлөх үү дээ. Төвшөө маань бэлэн байгаа юу?" гэвэл эзэгтэй түрүүнээс хойш аяга дүүрээд байсан нулимсаа нуун арчиж, хувцаслаж бэлдсэн хүүгээ дагуулан ирэв. Аав нь харж үл төвдөх мэт газар ширтэнэ.
"Аав аа, ээж ээ. Намайг аваач дээ" гэж чарлах дууг нь сонсож үл төвдөн чихээ таглан уйлах эхнэрээ нөхөр нь тэврэн аргадахад эр хүний харамч нулимсны нэг дусал гялс хийтэл бөмбөрөн унав.
"Төрсөн эцэг эх нь шүү дээ. Өгөхгүй гээд яалтай."
"Ингээд аваад явах байсан л юм бол яах гэж тэр үед хүүхдээ орхиод явсан юм бэ? Миний хүүг асрамжийн газарт хаяж явчихаад, одоо яах гэж эргэж ирсэн юм бэ?"
Эхнэрийнхээ ийн цурхиран уйлахад нөхөр нь юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Цээж дүүрэн гомдол зүрхнээс нь чулуу дүүжилчихсэн юм шиг таглачихаад, үг ч хэлж чадсангүй.
"Тээж төрүүлээгүй ч гэсэн шөнө нойргүй хуурайлж, өвдөхөд нь тэвэртээ эдгээсэн ээж нь би биз дээ. Тэр биш, би ээж нь. Тэр чинь миний хүү. Миний хүү". Хүүгээ алдсан ээж гомдолтойёо мэгшин уйлна.
Далан хоёр цагийн дараа ертөнцийн нөгөө бөөрөнд жаалхүү шинэ ээж аавынхаа бэлтгэсэн гоёмсог чимэглэлтэй өрөөнд, орон дээрээ доош харан хэвтээд ээжийгээ санасандаа нүдээ бүлцийтэл уйлж байлаа. Шинэ ээж нь аргадах гээд дийлсэнгүй, хэсэг оролдоод цөхөрсөн бололтой гараад явчихсан. Хүү бархиран уйлж байснаа, чимээгүй болж чих тавин чагнавал хаа нэгтээ, их л ойрхноос ээжийнх нь намуухан хоолой бүүвэйн дуу аялж байх нь тэр. Хоолойгоо сөөтөл уйлж ядарсан хүү ээжийнхээ бүүвэйнд уяран тайвширч, гэрийнх нь үнэр шингэсэн хүрэн бамбаруушийг тэврээд унтаад өглөө.
Тэр цагт үрдээ гэж аялсан бүүвэй нь хичнээн орон зайг гатлан хүүд нь хүрснийг мэдэхгүй ээж нь бүүвэйн дуугаа аяархан аялсаар. Орчлонд өөр юугаар ч үнэлэшгүй эхийн хайр агуу билээ.